Хан Алтай төсөлд санхүүжилт татах хамтын ажиллагаа
Макс группийн хэрэгжүүлж буй Хан Алтай төслийн бүтээн байгуулалтад бондын санхүүжилт татах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
Хан Алтай төсөл нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 2019 онд хайгуулын үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 2022 оноос олборлолт, боловсруулалтаа хийж эхэлснээр Монгол Улсын баруун бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон нөлөө үзүүлэх ач холбогдолтой төсөл нэгээр нэмэгдлээ. Хан Алтай ресурс ХХК нь үндэсний шилдэг, нэр хүндтэй уул уурхайн компани болох алсын хараатайгаар 2020 он хүртэл ордын нөөцийн хайгуул судалгааны үе шатыг хэрэгжүүлж байсан бол 2021 оноос бүтээн байгуулалтыг эхлүүлэн, 2022 онд бүтээн байгуулалтаа гүйцээн, хүдэр олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг эхлүүлж буй амжилтаа онцоллоо.
Хан Алтай төсөл нь нийт одоогоор тогтоогдоод буй 85.4 тонн алтны нөөцтэй ба энэ нь дотоодын нийт алтны нөөцийн 5.8 хувийг дангаараа эзлэхүйц томоохон, урт хугацааны нөөц бололцоо бүхий төсөл юм. Уг төсөл нь 2022 оноос 2027 оны хооронд жилд дунджаар 1.56 тонн алт үйлдвэрлэх төлөвлөгөөг ТЭЗҮ-дээ тусгасан ба энэ нь жилд хамгийн багадаа 304 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой тэнцэх дүн юм. Сүүлийн 3 жил Монгол банк нь жилд дунджаар 20 тонн алт худалдан авсан бөгөөд Монгол Улсын нийт экспортын 10.8 хувийг алтны экспорт дангаараа бүрдүүлж байна. Ийнхүү энэ төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын алтны экспорт 7.9 хувиар нэмэгдэх боломжтой болж ирж байна.